Блогийг хаасан мэдэгдэл!

бичсэн: blogmn.net , 2009-1-25
www.blogmn.net веб саит нь зөвхөн бусдад бичих боломж, өөрийн веб саитыг нээх боломжийг олгодог саит юм. Манай саитын үндсэн нүүр хуудас болоод албан ёсны блог(https://blogmn.blogmn.net)-с бусад https://дурыннэр.blogmn.net гэсэн хаяг бүхий блогууд дахь бичлэгүүд нь блог эзэмшигчийн бичиж буй мэдээлэл байдаг тул эдгээр нь www.blogmn.net саитыг бүтээгчид болоод, удирдагч, зохицуулагчдын үзэл бодол биш юм.

blogmn.net саитын зүгээс уг https://han.blogmn.net блогийг хаасан болно.
Үүнийг манай саитын зүгээс бичээгүй бөгөөд эхний удаад хаасан байсныг "Монголчуудын үндэсний үзлийг сэргээх зорилготой..." гэсэн энэ блогийг хөтлөж явуулж байсан бүлэг хүмүүсийн хүсэлтийнх нь дагуу буцааж нээсэн байсан боловч манай саитын үйлчилгээний нөхцлийг зөрчсөн бичлэг дахин оруулсан гэж үзсэн. Тодорхой нотолгоо баримтгүй бичлэг гэж үзсэн ба Монголчуудыг дотор нь хагаралдуулж болзошгүй мэдээлэл гэж саитын удирдагчдын зүгээс үзсэн тул түр хугацаанд бичлэг сэтгэгдлийг нээлттэй хэвээр цааш бичүүлэхгүй хаасан байсан юм.
Гэсэн хэдий ч "Хөх Монгол" бүлгэм болоод бусад олон байгууллага, хүмүүсийн зүгээс удаа дараа шаардлага ирж байгаа тул бид зөвлөлдөөд цаашдаа эдгээр бичлэгийг нээлттэй байлгах шаардлагагүй гэж үзээд хаах шийдвэр гаргалаа.

Монголчууд бид үндэстний үзэлтэй байх ёстой. Гэвч нэг нэгнийгээ эрлийз, хурлийз гээд хардаж сэрдээд хэлмэгдүүлж алаад, улыг нь шагайгаад эхлэвэл 1939 оноос ч аймшигтай явдал болох болов уу. Энэ бол бидний дунд хэзээ ч байж болохгүй зүйл. Цэвэр халх хүнийг ч хятадын эрлийз гэж гүтгэж мэднэ. Нэгнээ "хужаагийн эрлийз, хурлийз" гэж хоорондоо хагарч жинхэнээсээ бусдын хоол болж болохгүй байх. Ер нь хятад цус холилдсон байлаа гээд тэр хүн бас Монгол ч цустай шүү дээ. Хамгийн гол нь хийж буй үйлдэл, үйл хэргийг нь шүүх ёстой болохоос цусыг нь шүүж, цусаар нь ялгаж, Монгол дотроо, яс үндэс, жалга довоороо хагаралдан бутарч болохгүй байхаа.
Бид Даяар Монголчуудаа нэгтгэх, дэлхий даяарх Монголчуудынхаа эв нэгдлийг хүсдэг бол эрлийз, хурлийз, гадаад цус холилдсон гэж нэгнээ гадуурхаж болохгүй. Хятадад ч, Оросод ч хүчээр тэднийг эрлийзжүүлж уусгасаар л байна. Гэтэл бид зөвхөн гадны цус холилдсон гээд Өвөр Монголчуудыг, Буриадуудыг, Хазаруудыг, Халимагуудыг... гадуурхаж болохгүй гэж бодогдном. Хүн цусаа өөрөө сонгож төрдөггүй. Харин үйл хэрэг, эх орноо хүн өөрөө зүрх сэтгэлдээ сонгож, түүнийхээ төлөө тэмцэн амьдардаг

Үнэхээр Монгол улсаас урвасан этгээдийг, баримтыг нь дэлгэн гаргах нь зөв боловч түүний эрлийз, хурлийз эсвэл цэвэр Монгол эсэхээс нь үл хамаарах ёстой болов уу.

Тиймээ бид уужуу ухаантай, юмны наадах цаадахыг бодож тунгааж, соёлтой боловсон нэгнээ ойлголцож, хараал урсгалгүйгээр болохгүй байгаа зүйлсээ хоорондоо хэл амаараа ярилцаж байж цаашид хөгжих учиртай болов уу.

Монгол улс мандан бадрах болно.